Монгол Улсын Нийслэл ротари клуб болон Тайваний Тайпэй Шэн Ян ротари клубууд /Taipei Sun-Young rotary club/ хамтран 8-р сарын 14-ны өдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн III төв буюу Ахмад хүүхдийн эмнэлэгт хүчилтөрөгч өтгөрүүлэгч, ургийн монитор, цусны даралт хэмжигч аппарат зэрэг эмнэлгийн тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Энэхүү арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн засаг дарга С. Одонтуяа Тайваний ротари клубын хандивлаж байгаа эмнэлгийн багаж хэрэгслийг хүлээн авч буйдаа талархаж буйгаа илэрхийлэв.
Баянгол дүүргийн засаг дарга С. Одонтуяа хэлсэн үгэндээ “Ард иргэдийн эрүүл энхийг сахин хамгаалах нь төрийн гүйцэтгэж буй хамгийн чухал үүрэг бөгөөд шинээр мэндэлж буй нялхас, багачууд бол улс орны гэрэлт ирээдүй билээ. Энэ удаагийн хандивлаж буй эмнэлгийн багаж хэрэгслүүдийн дэмжлэгтэйгээр Баянгол дүүргийн шинээр мэндэлсэн хүүхэд багачууд илүү эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах боломж бүрдэнэ гэж найдаж байна” гэв.
Тайванас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Жой Янь хэлсэн үгэндээ “Тайваний Тайпэй Шэн Ян ротари клубын ихэнхи гишүүд нь залуу бизнес эрхлэгчдээс бүрддэг бөгөөд анх 2005 онд Монгол Улсын Нийслэл ротари клубтэй эгч дүү ротари клубын хамтын ажиллагаа тогтоосон. Тайваний Тайпэй Шэн Ян ротари клуб нь урьд нь олон удаа Монгол оронд хүрэлцэн ирж нийгэмд тустай ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Өнгөрсөн жилүүдэд Монгол орны эмнэлгийн үйлчилгээний чанар маш хурдацтай сайжирч байна. Бид цаашдаа Монгол анд нөхөдтэйгээ хамтран, илүү эрүүл саруул, илүү цэцэглэн хөгжсөн нийгмийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.