Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн Улаанбаатар Дахь Төлөөлөгчийн Газар
ТөлөөлөлгчХуанКуоРун
Жилд нэг удаа зохиогддог Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн нэгдсэн хуралдаан 5-р сарын 20-ны өдөр Швейцарын Женев хотноо зохиогдох гэж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд болж өнгөрсөн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн нэгдсэн хуралдаанд Тайвань нь улс төрийн нөхцөл шалтгааны улмаас ажиглагчийн статустайгаар оролцож чадаагүй төдийгүй энэ онд ч мөн адил дэлхийн хэмжээний, хамгийн өргөн цар хүрээг хамарсан эрүүл мэндийн салбарын нэгдсэн хуралдааны хаалганы гадна орхигдох магадлалтай байна. Тайвань нь олон улсын эрүүл мэндийн салбарт чухал хувь нэмэр оруулж буй ч Тайванийг Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн нэгдсэн хуралдаанд оролцуулахгүй байгаа нь туйлын харамсалтай бөгөөд эрх тэгш бус явдал юм.
Тайвань Монгол хоёр орон нь албан ёсны дипломат харилцаатай улсууд биш хэдийчэрүүл мэндийн салбарт маш ойр нягт харилцаа, хамтын ажиллагаатай. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Тайвань нь Монгол орны эрүүл мэнд болон нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулсан билээ. Тухайлбал:
Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулах, мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамруулсан байдал
2003 оноос эхлэн Тайваний Эрүүл мэнд, халамжийн яамны харьяа Тайпэй хотын эмнэлгийн Тайваний олон улсын эмнэлгийн мэргэжилтний сургалтын төв (TIHTC), Тайваний Үндэсний их сургуулийн харьяа эмнэлэг зэрэг Тайваний томоохон эмнэлгүүд нийт 800 гаруй Монгол эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт хамруулсан байна. Тайваний томоохон эмнэлгүүдийн хувьд клиник сургалт хамруулах, эмнэлгийн технологийг хуваалцах зэрэг арга хэлбэрээр Монгол орны хэд хэдэн томоохон эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилнүүдийг үргүйдэл, зүрх судасны эмгэг, хорт хавдар, сүрьеэ, уруул тагнайн согог засал, амны хөндийн эрүүл ахуй зэрэг чиглэлийн сургалтуудад хамруулж байв.
Эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгсэл хандивлаж байсан тухай
Тайвань нь Монгол улсын томоохон эмнэлгүүд болон орон нутгийн эмнэлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийг хандивлаж, бүх шатны эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ.
Тайваниас нийт 300 гаруй ширхэг эмнэлгийн орыг хэд хэдэн аймгийн нэгдсэн эмнэлгүүд болон улсын хэмжээний томоохон эмнэлгүүдэд хандивлаж байсан төдийгүй 6 ширхэг шинэ диализын аппарат болон эмнэлэгийн багаж хэрэгслийг баруун бүсийн 3 аймаг болох Увс, Ховд, Завхан /аймаг тус бүрт 2 ширхэг диализын аппарат хандивласан/ аймгуудад хандивласан болно. Үүнээс гадна Тайваний зүгээс орон нутгийн төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлэн, Завхан, Архангай, Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгуудад сувилагчийн пост байгуулж байсан.
Эмнэлгийн үзлэг оношилгоо, эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байдал
Тайваний томоохон эмнэлгүүд, сайн санааны байгууллагууд, мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн холбоодын багууд сүүлийн жилүүдэд Монгол оронд эмнэлгийн үзлэг оношилгоо, эмчилгээний үйлчилгээ үзүүлэх болсон. 2017, 2018 онуудад Тайвань эмч нарын багууд Монгол оронд хүрэлцэн ирж, нийт 7000 гаруй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэсэн байна.
Нийгмийн эрүүл мэнд болон эмзэг бүлгийнхэнд үзүүлэх тусламж үйлчилгээ
Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сан нь хамгийн анхны гадаад дахь салбараа 2004 онд Монгол оронд нээж байсан. Тус сан нь ядуу өрхүүдэд халамжийн мөнгө олгох, өрхийн хэрэглээний эд зүйлсийг хандивлахаас гадна мэргэжил олгох, чадавхижуулах сургалтанд хамруулах, сурлагын өндөр амжилт гаргасан сурагчдад сургалтын тэтгэлэг олгох зэрэг олон талт үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сан нь гэр хороололд нийт 21 худаг барьж өгөн, гэр хорооллын өрхүүдийн ундны усны хангамжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлжээ. Мөн Тайваний “Пү Сиэнь боловсролын сан” төрийн бус байгууллага өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 400 ширхэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэргэнцэрийг холбогдох төрийн байгууллага, улсын томоохон эмнэлгүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд ханвивласан. “Сун Рэн” ротари клуб “Сул харааны оношилгооны төв”-ийг ЭМШИУС дээр байгуулахад дэмжлэг үзүүлсэн байна. Дээр дурьдсан арга хэмжээнүүдээр дамжуулан Тайваний зүгээс эмзэг бүлгийнхэнд хандсан тусламж үйлчилгээг үзүүлсээр ирсэн блно.
Тайвань нь Монгол орон болон Монголын ард түмний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд дээр дурдсан жишүүнүүд бол олонд харьцангуй танил болсон жишээ юм. Монгол орноос гадна даян дэлхийн өнцөг булан бүрт Тайваний тэргүүний шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өөрийн үнэтэй туршлагаас хуваалцаж, дэлхийн бусад орны эрүүл мэндийн салбарын хөгжлийн түвшинг урагшуулахад дэмжлэг үзүүлж байна.
Дээр дурьдсан жишээнүүдээс гадна Тайваньд даян дэлхийн хүн ардтай хуваалцах нийгмийн эрүүл мэндийн салбарын чухал туршлагууд олон арвин бий. Тухайлбал Тайвань анх 1995 онд бүх нийтийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэнээс хойш иргэн бүр өөрийн хүртэх, эдлэх эрхтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чадаж байгаа. Тайваньд суралцаж, ажил хөдөлмөр эрхлэж, хууль ёсоор оршин сууж буй гадаад улс орны иргэд ч эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрхтэй байдаг ба хэнийг ч орхигдуулахгүй гэх (leave no one behind) зарчмыг баримталдаг. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд дийлэнхи иргэд нь хамрагдаж чадсан. Тайвань нь байгалийн гамшиг тохиолдох эрсдэл өндөртэй газар нутагт байрладаг. Байгалийн гамшиг тохиолдох үед авах яаралтай арга хэмжээг үзүүлэх чиглэлээр арвин баялаг туршлага хуримтлуулсан. Дэлхийн улс орнуудад байгалийн гамшиг тохиолдож, онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхи чадамжтай.
Тайваньд дефебриллятор ашиглах сургалт, нөхөн сэргээх мэс засал, нөхөн сэргээх бичил мэс засал зэрэг чиглэлийн олон улсын мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын
төв байрладаг бөгөөд “Загас өгөх бус загас барих аргачлалыг заах” гэсэн үзэл санааг баримтлан, даян дэлхийн эрүүл мэндийн салбарыг чадавхижуулах, тогтвортой хөгжихөд нь дэмжлэг үзүүлж байна.
Энэ оны эхээр Монгол оронд гахайн мялзан өвчний тохиолдол гарсан тухай мэдээлэл цацагдсан нь халдварт өвчний тархалт хил хязгаарт захирагддагүй гэдгийг харуулсан болно.Иймд халдвараас урьдчилсан сэргийлэх чиглэлээр дэлхий нийтээрээ хамтран тэмцвэл зохино.Улс төрийн нөхцөл шалтгааныг урьтал болгох явдал нь хил дамнасан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл энхийг сахиулахад Тайваньд саад бэрхшээл учруулах болно. Тайваний эрүүл мэндийн үйлчилгээний чанар дэлхийд хэдийнээ сайн танигдсан, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд нь маш өндөр мэргэжлийн ёс зүйтэй, иймээс ч халдварт өвчинтэй хийх томоохон тэмцэлийн явцад Тайваний хүч, хувь нэмэр дутагдаж байгаа нь нэн гарз хохиролтой юм. Тайваний эрүүл мэнд, олон нийтийн эрүүл мэндийн туршлагаас Монгол орон төдийгүй дэлхийн улс орнууд хуваалцвал зохилтой. Монголын нийгмийн бүхий л салбарын төлөөллүүд Тайванийг Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн нэгдсэн хуралдаанд оролцуулахын ач холбогдолыг ойлгон, дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна.
