Монгол Улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Тайваний Линкоу Чан Гэн эмнэлэг 2022 оны 7-р сарын 6-ны өдөр алсын зайнаас цахим хэлбэрээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь цар тахал дэгдсэний дараах Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Линкоу Чан Гэн эмнэлэг байгуулж буй анхны хамтын ажиллагааны санамж бичиг болж байгаа тул ихээхэн ач холбогдолтой юм.
МУ-ын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь улсын хэмжээний хамгийн том эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн нэгдсэн эмнэлэг бөгөөд тус төвд жилд 10.000 нярай мэндэлдэг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа хэлсэн үгэндээ “Манай хоёр эмнэлгийн хооронд холбоо тогтоож өгсөн Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газарт гүн талархал илэрхийлж байна. Хоёр тал боловсон хүчин сургах, технологи солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монгол Улсад эх, нялхаст үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг шинэ өндөр түвшинд хүргэж, улам олон Монгол хүн гадны улс орныг зорилгүй, Тайваньтай дүйцэхүйц чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ гэдэгт найдаж байна.” гэв.
Тайваний Линкоу Чан Гэн эмнэлэг нь олон улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд эртнээс анхаарал хандуулж, чухалчилсаар ирсэн бөгөөд 2009 оноос хойш тус эмнэлгийн эмч нарын баг нь Тайваний Нордхофф сантай хамтран Монгол Улсад нийт 10 удаа хүрэлцэн ирж, уруул тагнайн сэтэрхийтэй Монгол хүүхэд багачуудад үнэ төлбөргүй мэс ажилбар хийж байсан төдийгүй МУ-ын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уруул тагнайн сэтэрхий эмчлэх мэргэжлийн багийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэхүү Монгол эмч нарын баг эдүгээ жил бүр 450 гаруй уруул тагнайн сэтэрхийн мэс ажилбарыг гүйцэтгэдэг болсон нь Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны үлгэр жишээ болоод байна. Тайваний Линкоу Чан Гэн эмнэлгийн ерөнхий захирал Чэнь Жиэнь Зун хэлсэн үгэндээ “МУ-ын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй холбоо тогтоож өгсөн явдалд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газарт гүнээ талархаж байна. Тайваний анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын ололт туршлагаас Монгол Улстай хуваалцсанаар эмнэлгийн үйлчилгээний чанарыг дээшлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Тайвань Монголын эмнэлгийн мэргэжилтний харилцаагаар дамжуулан талуудын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.” гэв.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө уригдан оролцох үеэрээ хэлсэн үгэндээ “Тайвань Монгол хоёр орон эрүүл мэндийн салбарт ойр нягт харилцаа, хамтын ажиллагаатай. Тайваньчууд Монгол орны 1000 гаруй эмч, сувилагчдыг богино хугацааны сургалт семинарт хамруулж, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл хандивлаж, Тайваньчууд эмчилгээ оношилгооны туршлага болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх туршлагаасаа хуваалцсаар ирсэн. Хоёр эмнэлэг хамтран ажиллах түншийн холбоо тогтоож, Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх болсонд нэн таатай байна. Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол орны хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, “Тайвань тусалж чадна, Тайван тусалж байна” /Taiwan can help and Taiwan is helping/ гэсэн үзэл санаагаа хэрэгжүүлэн ажиллах болно гэж найдаж байна.” гэв.


