Тайваньд суралцах тухай

Тайвань Монгол хоёр талын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа 10 гаруй жилийн өмнөөс хөгжиж эхэлсэн бөгөөд Тайванийн Боловсролын яамнаас гадна Тайванийн Шинжлэх ухаан, технологийн яам зэрэг төрийн байгууллагууд тэтгэлэг олгодог. Тайванийн нэлээд олон улсын болон хувийн их, дээд сургуулиуд Монгол орноос тэргүүний шилдэг оюутан залуусыг элсүүлэн суралцуулдаг бөгөөд жил бүр дундажаар 400 гаруй оюутанд тэтгэлэг олгодог. Мөн жил бүрийн 9-р сард Улаанбаатар хотноо “Тайванийн Боловсролын үзэсгэлэн”-г зохион байгуулдаг агаад энэ нь Тайванийн тэтгэлэгийн тухай мэдээлэл авах сайхан боломжийг оюутан залууст олгодог болно.
Сүүлийн жилүүдэд жил бүр дундажаар 800-1000 оюутан залуус МУ-аас суралцах болсон. Тайваньд суралцах нь мэргэжлийн багшлах боловсон хүчин сайтай, суралцах аюулгүй орчин, сургалтын төлбөр харьцангуй хямд, амьжиргааны өртөг харьцангуй доогуур зэрэг давуу талуудтай ба 10 гаруй их, дээд сургууль Англи хэл дээрхи сургалтын хөтөлбөрөөр оюутан элсүүлэн суралцуулж байна. Иймд МУ-ын оюутан залуус ч бас Англи хэл дээрхи сургалтын хөтөлбөрт хамрагдан, суралцах боломжтой юм. Манай цахим хуудсан дахь мэдээллийг та цааш түгээх боломжтой ба хэрэв асууж тодруулах зүйл байвал tteromn@mofa.gov.tw цахим шуудангаар захидал илгээнэ үү.

Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар
Цахим хуудас:https://www.roc-taiwan.org/mn_en/index.html